Утга санаа
“УХААЛАГ УС”
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-ын Элчин Сайдын Яамтай хамтран урлагаар дамжуулан дэлхийд болон Монгол улсад тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг ус” төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна.
Энэхүү төслийн хүрээнд найруулагч Р.Доржпаламын “Алтан өргөө” МУСК-г 2016 оны 3-р сарын 19-нд 16:00 цагаас Тэнгис кино театрт үнэ төлбөргүйгээр олон нийтэд толилуулна. Кино үзвэрийн өмнө уран бүтээлч, усны мэргэжилтэнтэй хийх уулзалт ярилцлагыг зохион байгуулна.
“Алтан өргөө” МУСК
1961 он, 9 бүлэг
Ерөнхий найруулагч: Равжаагийн Доржпалам, Готтфрид Кольдитц
Зохиогч: Сэнгийн Эрдэнэ, Курт Бортфельд
Зураглаач: Ойдовын Уртнасан, Эрин Гуско
Зураач: Лувсангийн Гаваа, Альфрид Толле
Хөгжмийн зохиолч: Лувсанжамбын Мөрдорж, Вернер Пыке
Товч танилцуулга:
Малчин ард Пагва гурван хүүтэй, хоёр хүү нь хорон муу санаатай, эд агуурсанд шунаг, хар амиа бодогчид бол отгон хүү нь цайлган цагаан санаатай, шударга үнэнч, бусдад тусархаг, цовоо сэргэлэн хүү байв. Аав нь өөрөө ч аминч, шунаг учир мэдсэн сурсан зүйлээ бусдад хэлэлгүй явсаар хоёр хүүгийнхээ уршигт осолдон гамшигт байдалд орно. Энэ гамшгийг арилгахаар отгон хүү Сүмбэ бусдад тусалсаар мэргэн хүнтэй учирч арга зам заалган гамшигт учирсан нутаг орон, эцэг, ах нараа аварч байгаагаар сайн санаатай шударга үнэн үйлс нь хорон муу санааг ялж чадна гэсэн санааг өгүүлжээ.
Төслийн өгүүлэмж:
Нүүдэлчин Монголчууд эрт үеэсээ тэнгэрээ шинжин байгальтайгаа шүтэлцэн амьдарч, ус агаар, амьтан ургамал хичнээн чухал болохыг үлгэр домогтоо хүртэл шингээн үр хойчдоо захисаар ирсэний нэг илрэл нь “Алтан өргөө” МУСК бөгөөд Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэсэн, Монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлдэгээрээ онцлог.
Тэрээр нэгэн шидтэний захиасаар авдартай эрдэнэс буюу цэвэр усны ундаргыг сахиж хамгаалдаг Пагва өвгөний гурван хүүгийн хоёр нь авдарт юу байгааг сонирхон нээснээс болж ган ганчиг нүүрлэдэг билээ. Үүнтэй адил эх дэлхийнхээ хүйг хөндөх үзэгдэл бидний амьдралд маш олон.
Технологийн хувьсалын өнөө үед хүмүүс бид өдөр тутамдаа байгаль дэлхийдээ халтай үйлдлүүд гаргасаар, үүний уршигаар дэлхий дахинд усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол үүсч байгаа нь анхаарахгүй өнгөрч боломгүй амин асуудал билээ. Ус хомсдвол хүн төрөлхтөн ч мөн адил “ширгэж” цөөрхийн дохио юм.